"Альфа Центавр” одны ордонд цэнхэр биетэй уугуул иргэд бүхий Пандора гариг үнэхээр байх боломжтой гэнэ- Жеймс Камерон “Аватар” киноныхоо зохиолыг 15 жилийн өмнө бичсэн. Тухайн үед Альфа Центавр одны ордод амьдрал байж болох талаар анх зөгнөжээ. Энэхүү одны орд дэлхийгээс дөрөв гаруй гэрлийн жилийн зайд оршдог. Үүнээс гадна зохиогч яагаад ч юм киноныхоо үйл явдлыг дэлхий шиг бие даасан гариг дээр биш, манай Санчир, Бархасбадьтай адилхан Полифема гэгч хийн аварга гаригийн дагуул Пандора дээр өрнүүлсэн.
Гурван жилийн өмнө эрдэмтэд Камероны зөгнөл бодит зүйл байж болохыг анх баталсан байна. Калифорнийн их сургуулийн эрдэмтэн Хавьер Гедес, Грег Лауфлин нарын компьютер дээр гаргасан загварчлал Альфа Центаврт дэлхийтэй адил чулуулаг хөрс бүхий гариг яалт ч үгүй байх ёстой гэдгийг харуулжээ. Тэгэхдээ бүр амьдрал байх таатай нөхцөл бүрдсэн гадаргатай. Тэгвэл өнгөрсөн онд “Аватар” дэлгэцэнд гарахаас өмнө Гарвард-Смитсонианий одон орон судлалын төв харь ертөнцийн амьдралыг “экзо сар” гэж нэрлэгддэг хийн аварга гаригуудын дагуулаас илрүүлэх боломжтой гэдгийг мэдэгджээ.
Ус, агаар бүхий эдгээр сарууд орчлон ертөнцөд тийм ч ховор биш объект аж. Наад захын жишээ гэхэд манай нарны аймгийн Санчирын дагуул Титан маш нягт агаар мандал, дэлхийтэй төстэй гадаргатай. Бархасбадийн дагуул Европ гэхэд зузаан мөсөн хучлага дор нь далай тэнгис байдаг. Хэрвээ Санчир, Бархасбадь наранд арай илүү ойрхон байсан бол тэдний дагуулууд дээр амьдрал байх бүрэн боломжтой аж. Яг л Пандора шиг оюун ухаант амьдрал ч байж болно. Өнөөг хүртэл эрдэмтэд Санчир, Бархасбадьтай адил хэмжээтэй 400 гаруй дулаан экзо гаригийг илрүүлээд байгаа. Одоо тэдний дагуулуудыг илрүүлэх л үлджээ.
“Хэрвээ Пандора шиг ертөнц байдаг бол бид ойрын 10 жилийн хугацаанд тэднийг илрүүлэх болно” хэмээн одон орон судлалын төвийн тэргүүлэгч мэргэжилтэн Лиза Калтенеггер амлаж байна. Гэхдээ одууд нь манай нартай их адилхан Альфа Центавр одны ордоос илрүүлэх хамгийн өндөр магадлалтай аж. Одоо тойрог замд байгаа дуран авианууд иймэрхүү даалгаврыг гүйцэтгэж чадна.
“Аватар”-ын үйл явдал 2145 онд өрнөдөг. Хэрвээ Пандора дээр үнэхээр амьдрал байгааг илрүүлж чадвал хүн төрөлхтөн энэ хугацаанд тэнд хүрч чадах болов уу.
Одоогоор хүний гараар бүтээгдсэн хамгийн хурдан сансрын аппарат болох “Voyager-1” секундэд 17 километр хүртэл хурдалж чадна. Ийм хурдтайгаар Альфа Центаврыг зоривол 74 мянган жил зарцуулах аж. Гэхдээ зөвхөн нэг талдаа.
Цэнэгт хэсгүүдийг гаргаж, 1000 хэм хүртэл дулаан ялгаруулдаг ионий хөдөлгүүр арай илүү хурдан хөдлөх боломж олгоно. Жишээ нь ийм хөдөлгүүртэй ердөө л 39 хоногийн дотор Ангарагт хүрэх боломжтой. Гэвч оддын хооронд аялахад ийм хурд хэтэрхий багадна.
Америкийн дэвшилтэт технологийн агентлаг “DARPA” нэгэн үе “Орион” нэртэй төсөл дээр ажиллаж байжээ. Энэ төслөөр цөмийн дэлбэрэлтийг гол зүтгүүр болгосон сансрын хөлөг бүтээсэн аж. Мөн халуун цөмийн урвалыг ашигласан хөдөлгүүр бүтээх “Дедал” гэгч төсөл ч байжээ. Гэвч эдгээр төслүүдийн хувь заяа хэрхсэн нь өнөөг хүртэл тодорхойгүй байна.
Гэхдээ эдгээр хөдөлгүүрээр тоноглосон аппаратууд гэрлийн хурдны 10 хувьтай тэнцэх хурдыг үзүүлэх боломжтой гэж үзэж байжээ. Нарны аймаг дотроо аялахад иймэрхүү хөлөг хангалттай. Харин секундэд 30 мянган километрийн хурдтайгаар Пандораг хүрнэ гэвэл 40-50 жил шаардагдах болно. Энэ нь арай л урт хугацаа юм.
Нэг килограмм антиматери энгийн биеттэй урвалд ороход наад зах нь килограмм тротилоос 10 тэрбум дахин их энерги ялгаруулдаг гэнэ. НАСА-гийн гаргасан тооцоогоор ямар нэг антипротоноос гаргасан “түлш” 100 тонн жинтэй сансрын хөлгийг секундэд 100 мянга хүртэл километр хурдлуулж чадна гэжээ. Энэ нь гэрлийн хурдны 1/3 бөгөөд Пандора хүрэх хугацааг 12 жил хүртэл богиносгох аж.
Гол бэрхшээл нь өнөөгийн технологиор ганц грамм антиматери гаргаж авахад сая жил зарцуулах юм байна. Гэхдээ бас тийм ч найдваргүй зүйл биш бололтой. Кэмбрижийн их сургуулийн лабораторийн физикч Жеймс Бикфорд Бархасбадийн тойрог замаас цахилгаан соронзон “урхи”-ны тусламжтайгаар анти биет цуглуулах бүрэн боломжтой гэж үзэж байна.
Тэнд түүний үзэж буйгаар сансрын туяа хийн үүлтэй харилцан үйлчлэлд орсноор жилд ойролцоогоор дөрвөн тонн антипротон үүсдэг гэнэ. Ойрын 60 жилийн хугацаанд эрдэмтэд тэдгээрийг хэрхэн хадгалах, аюулгүй хэрэглэх аргыг бодоод олчих бүрэн боломжтой.
Альфа Центаврт илүү богинохон хугацаанд хүрч очих боломжийг эрдэмтэд эрж хайсаар, хүний ой ухаанд оромгүй элдэв санаа дэвшүүлсээр байна.
Удахгүй та бүхэндээ Аватар киног бичлэгын өндөр чанартайгаа хүргэх болно.
С.Баяр